Монголын хөрөнгийн зах зээлийн долоо хоногийн арилжааны мэдээ

Энэ оны 42 дахь долоо хоногт Монголын хөрөнгийн биржийн арилжаа таван удаа явагдаж нийт 62 компанийн 3.71 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 704.35 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Нийт зах зээлийн үнэлгээ 32.70 тэрбум төгрөгөөр өсч 2,305.04 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Хувьцааны арилжаа

Тус долоо хоногт арилжигдсан 62 үнэт цааснаас 36 үнэт цаасны ханш өсч, 17 үнэт цаасны ханш буурсан ба есөн үнэт цаасны ханш  тогтвортой байлаа.

Хамгийн өндөр хувиар ханш нь өссөн үнэт цаасанд Монгео /32.02%/, Гурил тэжээл булган /31.83%/, Монгол секюритис /31.35%/, Монгол савхи /30.43%/, Мон Ит Булигаар /20.00%/ ХК-иудын хувьцаа тооцогдож байгаа бол Монноос /-12.97%/, Сөдөт /-10.81%/, Гутал /-10.20%/, Нако түлш /-9.58%/, Шивээ овоо /-8.93%/ зэрэг ХК-иудын хувьцааны ханш хамгийн өндөр хувиар буурсан үзүүлэлттэй байна.

42 дахь долоо хоногт арилжаанд орсон үнэт цаас  /тоо ширхэг/

42 дахь долоо хоногт арилжаанд орсон үнэт цаас   /үнийн дүн/

Тоо ширхгээр хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаасанд Ремикон, Гермес, Эрдэнэт хүнс, Хөх ган, Женко тур бюро зэрэг ХК-иудын хувьцаа тооцогдож байгаа бөгөөд нийт арилжигдсан тоо ширхгийн 91.54 хувийг эзэлж байна.

Хамгийн өндөр үнийн дүнтэй арилжигдсан хувьцаанд Эрдэнэт хүнс, Ремикон, АПУ, Бэрх уул, Багануур зэрэг ХК-ийн хувьцаа тооцогдож байгаа бөгөөд нийт үнийн дүнгийн 63.60 хувьд нь арилжигдсан байна.

Бондын арилжаа

“Жаст Агро” ХХК-ийн Монгол Мах бондын эхний 10 тэрбум төгрөгийн арилжаа амжилттай явагдаж байна. Тус бондыг нийт 12,224 тн мах бэлтгэлийн ажлыг санхүүжүүлэх зорилгоор гаргаж байгаа ба  арилжигдаж эхэлснээсээ хойш нийт 4.20 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татаад байна. Нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 16.2 хувийн хүүтэй уг бондын арилжаа долоо хоног бүрийн Лхагва гарагт явагдаж байна.

Хөрөнгийн зах зээлийн индекс

2011 оны 42 дахь  долоо хоногийн сүүлийн арилжааны өдөр BDS index 5,063.16 нэгжид хүрсэн нь  өмнөх долоо хоногийн мөн үеэс 44.48 нэгжээр буюу 0.89 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Индекс өсөхөд хамгийн ихээр нөлөөлсөн компаниуд нь Мон Ит Булигаар, Улаанбаатар зочид буудал, Монгол шилтгээн, Зоос гоёл зэрэг ХК-иуд байлаа.

Харин BDS IPO index тус долоо хоногийн сүүлийн арилжааны өдөр 220.36 нэгжид хүрч өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулахад 2.31 нэгжээр буюу 1.04 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Индексийн сагсанд багтах Монинжбар, Монгол шилтгээн, Женко тур бюро зэрэг ХК-иудын ханш өсч, бусад хувьцаануудын ханш тогтвортой байлаа.

Өнгөрсөн долоо хоногт хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас нь Ремикон ХК-ийн хувьцаа байв. Он гарснаас хойш хамгийн доод ханш 71 төгрөг, хамгийн дээд ханш нь 163 төгрөгт хүрч байсан бол энэ долоо хоногийн эцсээр 152 төгрөгт хүрсэн нь өмнөх долоо хоногийн мөн үеэс 0.65 хувиар өссөн байна.
Тус компани нь нийт 839 хувьцаа эзэмшигчидтэй бөгөөд өнгөрсөн онд цэвэр ашгийнхаа 23.65 хувийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараажээ. Өөрөөр хэлбэл нэгж хувьцаанд 1.6 төгрөгийн ногдол ашиг тараажээ.

Энэ долоо хоногт хамгийн их үнийн дүнтэй арилжигдсан үнэт цаас нь Эрдэнэт хүнс ХК-ийн хувьцаа байлаа. Тус компани нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг бөгөөд нийт 394,298 ширхэг хувьцаатай компани юм. Энэ Баасан гарагт тус компанийн нийт хувьцааны 36.79 хувь буюу хяналтын багц нь  1,184 төгрөгийн ханштай арилжигдлаа.

Эх сурвалж: http://economics.gogo.mn/news/96044

Leave a comment