Санхүүгийн тахал – “MF Global”-ын сануулга

Уржигдархан энэ үйл явдал болсон билээ. Түүний талаар Монгол хэл дээрх мэдээлэл нийтлэгдсэн байсныг энд орууллаа.

Санхүүгийн тахал - ЕВРОПЫН ӨРӨӨС ЭХТЭЙ ШИНЭ ХЯМРАЛД МОНГОЛ БЭЛЭН ҮҮ?

Энэ долоо хоногийн эхний өдөр л АНУ-ын долоо дахь том банк MF Global дампуурлаа зарлаж, дэлхий даяар 2008 оныхоос хүчтэй хямрал дэгдэнэ гэдэгг итгэцгээсэн. Хоёр жил хүрэхгүй хугацаанд энэ банкны захирлаар ажилласан Ж.Корзины хувьд “Голдман Сакс”-ийг тэргүүлж явсан, бас Нью Жерсийн сенатор, захирагчаар ажилласан туршлагатай нэгэн.

Гэвч энэ банк Европын Засгийн газрын өрийг худалдан авсны дараа л “амь наана, там цаана” болсон юм. Алхмыг хийсний учир нь “Голдман Сакс”-ын адил аргаар банкаа ажиллуулахыг хүссэнийх биз.

Ийнхүү банкаа ангалд авч унасан түүний үйлдлийг “Нью-Йорк таймс” сонинд “Харилцагчдынхаа олон зуун сая долларыг үгүй хийлээ” гэж мэдээлсэн бол АР агентлаг “Холбооны албан тушаалтнуудын хэлснээр “MF Global”-ынхан харилцагчдын мөнгийг хүндрэлээ шийдэхдээ ашиглажээ” хэмээсэн юм.

Дэлхийн хэвлэлүүд энэ мэдээллийг хаа сайгүй цацаж байхад Монголд ирэх оны төсвөө батлах, Тавантолгойг хэрхэн таваглан гаргах тухай хэрүүл тэмцэл ид дундаа өрнөж байна. Энгийн иргэн нь хүртэл муугүй улстөржчихдөг нь Монголын бусдаас ялгарах онцлог. Эмгэнэлтэй нь, Төрийн ордон дахь хэрүүлээс өөрийг сонжиж сонирхдоггүй нь бидний алдаа. Төгрөгийн ханш яагаад чангарч байгаа, барааны ханш хэрхэн өссөн, авдаг цалин чинь урьдынхаасаа ил үү хурдан урсахдаа огт мэдэхгүй тийш үгүй болоод байгааг Тавантолгойтой харьцуулахад дэндүү бага мэднэ.

Иймд анхаарлаа зангиатай албан тушаалтнуудын дэргэдээс холдуулж дампуурлаа зарлаад байгаа банкуудын үүдээр шагайвал яасан юм. Ирэх онд манай эдийн засаг 26 хувиар өсөж, улсын маань хэтэвч гурав дахин нэмэгдэх янзын сайхан төсөөлөл огтоос өөр байх юм билүү.

“MF GLOBAL”-ИЙН УНАЛТ ЮУ ДУУДАЖ БАЙНА ВЭ?

Энэ мэдээ тарсны дараа дэлхий даяар хувьцааны ханшийн уналт эхэлснийг “Лос Анжелес Таймс” сонинд нийтэлжээ. “Аравдугаар сарын сүүлийн хар өдөр хөрөнгийн зах зээлийн өөдрөг төлөвийг баллуурдах нэгэн мэдээлэл тарсан нь “MF Global” байлаа” хэмээн тус сонинд дурджээ. Энэ мэдээллийн дараа ам.долларын ханш ихээр өсч, Японы эдийн засгийн уналт үргэлжилсээр байв.

Харин Доу Жонс индекс 276 нэгжээр буюу 2.3 хувиар буурч сүүлийн дөрвөн долоо хоногт байгаагүй их уналт авчирчээ. “MF Global”-ийг нураахад “хүчин зүтгэсэн” Италийн бонд эргэн төлөгдөхгүй байх хэмээн эдийн засагчид тааварлаж байна. Уг нь энэ улс өрийн бичгийн зах зээл дээрх дэлхийн гурав дахь том орон билээ.

Тэдний дараа АНУ, Япон ордог. Иенийн ханшийн өсөлт, ам.долларын чангаралт цаашид улам эрчимжинэ гэж шинжээчид тааварлаж байна. Яг л өрөөстэй даалуу хэрхэн нэгнээ налан унадгийн адилаар эдийн засагт энэ түгшүүр нэгэнт бий боллоо.

ШИНЭ ХЯМРАЛ ЗЭСИЙН ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ АНГУУЧИЛЖ БАЙНА

Өнгөрсөн долоо хоногт зэсийн ханш 8000 ам.доллар давж, АНУ-ын эдийн засгийн өсөлтөд гэгээ татаж эхэлснийг шинжээчид онцолж байсан. Ялангуяа, Засгийн газрынх нь санхүүгийн фирмүүдийн зээл илүү чанаржиж эхэлснээр ажил эрхлэлт ч нэмэгдсэн нь улаан металлын ханшийг гайгүй өсгөжээ.

Гэтэл “MF Global”-ийн уналтын маргааш (өчигдөр) Лондоны металлын биржид нэг тонн зэсийн ханш 7600 “ногоон” болжээ. АНУ-ын санхүүгийн зах зээл ийнхүү дахин “сэхээн амьдруулах”-д шилжсэн нь ажилгүйдлийг өсгөж, Монголын төсвийн ихэнх хэсгийг бүрдүүлэгч зэсийн ханшийг унагаж байна.

БОНД САЙН АРИЛЖАА БАЙЖ ЧАДАХГҮЙ НЬ

Хэвлэлийнхэн хэдэн талаас нь Ж.Корзинийг элдвээр бичиж байгаа ч тэрээр тайлбар хийсэнгүй. Үнэндээ “MF Global”-ын хүндрэл нь тун энгийн асуудлаас эхтэй байлаа. Ашиг нь маш хурдтайгаар буурсан, ердөө л энэ. Өндөр өгөөж бүхий активын данстай харилцагчдын хүүгээс нийт орлогоо бүрдүүлж байжээ.

Гэвч өгөөж, харилцагчдад мөнгийг нь буцаан төлөлт улам удааширсаар байв. АНУ-ын Төвбанк бодлогын хүүгээ бараг тэг хувьд барьж байгаагаас банкуудын хүү огцом буурч, “MF Global”-ийн нийт хүүний орлого ч ийм байдалд шилжжээ. Тэд 2007 онд 1.8 тэрбум ам.долларын орлоготой байсан бол дөрвөн жилийн дараа энэ үзүүлэлт 113 сая “ногоон” болтлоо буурсан байна. 2007 онд хувьцаа бүрээ 30 ам.доллараар зарж, 2009 онд бүр 10 ам.доллараар худалдсан нь тэдний үнэт цаас ч хол явахгүй болсныг харуулж байна.

Өмнө дурдсан Европын Засгийн газрын өр гээч нь Итали, Испани, Белги, Португал, Ирландын Засгийн газрын өрийн бичиг байлаа. Энэхүү бондууд нь зээлийн барьцаа болж байсан. Харин “MF Global” бондын хүү, эргүүлэн худалдан авах нөхцөлтэй өөр санхүүгийн фирмд төлөгдөх хүү хоёрын зөрүүгээр санхүүждэг байлаа. Санхүүгийн энэхүү нүүдэл нь л “MF Global”-ыг сүйрэлд хөтөлжээ.

Өөрөөр хэлбэл, актив болон өр төлбөр нь “MF Global”-ийн санхүүгийн тэнцлийг үгүй хийж, нэг ёсондоо хамгийн муу үр дүнг ийн авчирсан байна. Ийнхүү санхүүгийн зах зээлд нэгэн шинэ тахал бий болсон нь хөгшин тивийн ялзарч муудсан бондуудаас эхтэй нь тодорхой боллоо. Дэлхийн санхүүд олон толгойгоороо нэгэнт холбогдсон Монгол Улсад ямар өөрчлөлт орох бол…

http://economics.gogo.mn/news/96212

Leave a comment